Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц гэж юу вэ?
*1. Газар ба тогтвортой хөгжлийн олон улсын гэрээ*
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (UNCCD) нь байгаль орчин, хөгжлийн асуудлыг газрын тогтвортой менежменттэй уялдуулсан, хууль зүйн хувьд заавал биелүүлэх хүчинтэй цорын ганц олон улсын гэрээ юм. Тус конвенц нь хуурай, хагас хуурай болон хуурай дэд чийглэг бүс нутаг буюу “хуурай бүс”-үүдэд онцгой анхаардаг. Эдгээр бүс нутагт дэлхийн хамгийн эмзэг экосистемүүд болон газрын нөөцөөс шууд хамааралтай олон сая хүний амьжиргаа төвлөрдөг.

*2. Газрын доройтлыг тэглэх дэлхийн амлалт*
UNCCD-ийн 2018–2030 оны Стратегийн хүрээ нь Газрын доройтлыг тэглэх зорилгод хүрэх дэлхийн хамгийн цогц амлалтуудын нэг юм. Энэ нь доройтсон газрын бүтээмжийг сэргээх, 1.3 тэрбум гаруй хүний амьжиргааг сайжруулах, эмзэг хүн ам болон экосистемд үзүүлэх ган гачгийн нөлөөг бууруулахад чиглэдэг.

*3. Хүнс, уур амьсгал, биологийн олон янз байдлын уялдаа*
Газрын тогтвортой менежмент, хөрс болон экосистемийн нөхөн сэргээлт нь хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, биологийн олон янз байдлын хорогдлыг бууруулах, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг. Иймээс UNCCD-ийн хэрэгжилт нь газрын доройтлыг бууруулахаас гадна уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох үйл ажиллагааг дэмждэг.

*4. Нийгмийн тэгш байдал ба хүртээмжтэй оролцоо*
UNCCD нь газрын доройтлын нөлөөнд хамгийн их өртдөг орон нутгийн иргэд, малчид, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дэмжиж, тэдний дуу хоолойг газар ашиглалт болон нөхөн сэргээлттэй холбоотой шийдвэр гаргах үйл явцад тусгахад онцгой ач холбогдол өгдөг. Мөн газар эзэмших, ашиглах эрхийн баталгааг сайжруулах, газрын нөөцөд тэгш хүртээмжтэй байх боломжийг нэмэгдүүлэхийг улс орнуудад уриалж, дэмждэг
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.