Баян-Өлгий аймагт Консулын газар байгуулах тал дээр иргэд ямар байр суурьтай байна вэ?

Баян-Өлгий аймагт консулын газар нээх талаар иргэдийг байр суурийг тодрууллаа.

Монгол Улс түүхэндээ хүнд хэцүү цаг үед казахуудыг хүлээн авч, газар нутаг таслан өгч суурьшуулсан нь хүмүүнлэг сэтгэлийн томоохон илэрхийлэл байсан юм. Гэтэл сүүлийн үед энэхүү түүхэн үнэнийг үл тоомсорлох, улсын газар нутагт хэтэрхий дур зоргоороо хандах асуудлууд гарч байгаад иргэд дургүйцэж байна.

 Баян-Өлгий аймаг бол угтаа казахуудын уугуул нутаг биш, дайны дараах нөхцөл байдлаас шалтгаалан манай улсаас олгосон нутаг дэвсгэр гэдгийг түүх гэрчилнэ. Бэлчээр болон малын бууцан дээр шарил тавих зэрэг асуудал нь монголчуудын уламжлалт ёс заншил, газар нутгаа хамгаалах үзэлтэй эрс зөрчилдөж байна. Үүнийг иргэний хувьд эрс эсэргүүцэж байгаа бөгөөд энэ нь бэлчээрийн зохистой ашиглалт, эрүүл ахуйн шаардлагад ч нийцэхгүй үйлдэл юм.

Газар нутгийн бүрэн бүтэн байдал, уламжлалт хэв маягийг алдагдуулах иймэрхүү үйлдлийг таслан зогсоох ёстой. Улс дотор гадаад улсын консулын газар байгуулах асуудал нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Хэрэв тэнд амьдарч буй иргэд манай улсын харьяат юм бол гадаад улсын консулын газар байх нь дипломат ёс болон үндэслэл талаасаа ойлгомжгүй байна.

 Төрийн өндөр түвшинд үүнийг судалж байгаа байх гэж найдаж байгаа ч иргэний хувьд үүнийг дэмжихгүй байгаагаа илэрхийлье. Энэ нь улс доторх талцал хуваагдлыг улам даамжруулах эрсдэлтэй. Монгол Улсын тусгаар тогтнол, нэгдмэл байдал хамгийн чухал. Төрийн албанд ажиллаж буй хүмүүс, тэр дундаа УИХ-ын гишүүд улсын нууц задруулах, эх орноосоо урвах асуудал гаргаж болохгүй.

Бид бүгд нэгэн дээвэр дор амьдарч байгаагийн хувьд эхлээд "Монголоо" гэсэн сэтгэлтэй байх нь чухал юм. Өнгөрсөн түүхээ эргэн санаж, Х.Чойбалсан тэргүүтэй удирдагчдын гаргасан шийдвэрийг хүндэтгэн, харилцан ойлголцож амьдрах ёстой гэж үзэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.