Монголын палеонтологийн шинжлэх ухааны нэрт төлөөлөгч Х.Цогтбаатар таалал төгслөө

Монголын палеонтологийн шинжлэх ухааны нэрт төлөөлөгч Х.Цогтбаатар таалал төгслөө
Монголын шинжлэх ухааны салбарын нэрт төлөөлөгч, палеонтологич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, дэд профессор, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Хишигжавын Цогтбаатар таалал төгсөж, Монголын шинжлэх ухаан, боловсролын салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
 
Х.Цогтбаатар нь 1956 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрж, 1976 онд Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийн Биологийн ангийг төгссөн. Улмаар Япон улсын Кагошимагийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, эх орныхоо палеонтологийн шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
 
Тэрээр 1981 оноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид ажиллаж эхэлсэн бөгөөд эрдэм шинжилгээний ажлын гараагаа тухайн үеийн Байгалийн түүхийн музейн палеонтологийн тасгаас эхлэн ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал хүртэл дэвшин ажилласан юм.
 
Х.Цогтбаатар нь Монгол орны үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн судалгааг дэлхийд таниулахад онцгой хувь нэмэр оруулсан эрдэмтэн байлаа.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2022 онд Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлөөр шагнаж, 2025 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан юм.
 
Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон, шавь нар болон Монголын шинжлэх ухааны салбарынханд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум ма ни бад мэ хум

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.