Малчин байх уу эс байх уу гэдэг хэмжээнд хүрсэн!

Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс хариуцах зохицуулалт хуульд тусгагдсан ч хэрэгжилт хангалтгүй байгаа талаар өнөөдөр Төрийн ордонд хэлэлцэж байна. Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсголд малчдын төлөөлөл оролцож, хуульд заасан дэмжлэг, хөнгөлөлтүүд бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж буй асуудлыг хөндөн ярилцаж байна. Сонсголоор малчдын нийгмийн хамгаалал, төрийн дэмжлэгийн бодлого болон хуулийн хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэх юм.

Мал аж ахуйн салбарт тулгарч буй бэрхшээлүүд нэмэгдэж, малчин байх уу, үгүй юу гэдэг асуудал туйлын эгзэгтэй хэмжээнд хүрлээ. 

Үүний гол шалтгаан нь төрөөс уул уурхайн салбарыг давуу эрхтэйгээр дэмжиж, хөдөө аж ахуй болон малчдыг орхигдуулсан ялгавартай бодлого явуулж байгаад оршиж байна. 

Газар тариалангийн бүс нутгуудаар отор хийх боломжийг судлахаар 10 аймгийг тойрч үзэхэд орон нутгийн Засаг дарга нар болон газрын мэргэжилтнүүд хэдэн зуун мянган га газрыг өөрсдийн мэдэлд авч, жил бүр тэлсээр байна.

Гэтэл жинхэнэ малчид нь төрөөс хашаажуулсан тэрхүү талбайг тойрон малаа тууж, хүнд нөхцөлд хөдөлмөрлөж байна. Харамсалтай нь, бодлогын яам энэ асуудалд огт анхаарал хандуулахгүй байна.

УИХ-ын гишүүн O.Амгаланбаатар болон M.Мандхай нарын хөндөж буй хоршооллын санхүүжилт, эрх зүйн орчны талаарх саналууд маш зөв юм.

Өнөөдөр малчид бол боловсролгүй хүмүүс биш; тэдний дунд дээд боловсролтой, гадаадад сурч ажиллаж байсан, сэтгэлтэй залуус олон бий. Гэвч тэд эрх зүйн таатай орчныг арав гаруй жил хүлээсэн ч өнөөг хүртэл шийдэлд хүрээгүй байна.

Хөдөө аж ахуйн газрын дарга нар болон сумын Засаг дарга нар нэг ч тракторгүй хүмүүст мянга мянган га газар олгож буй асуудлыг яаралтай шалгах шаардлагатай.

Малчид өвөлжөө, хаваржааныхаа ойролцоо төл малаа хамгаалах зорилгоор өчүүхэн хэсэг газар хашаалахад л торгуулдаг атлаа нөгөө талд нь асар их газар нутгийг зүй бусаар эзэмшиж байгаа нь шударга бус юм. Энэхүү гажуудлыг засахгүй бол мал аж ахуйн салбар мөхөх аюулд ороод байна.

 

Уул уурхай монголыг тэжээдэг гэж ярьдаг ч уурхай усыг нь, бэлчээрийг нь, газрыг нь байхгүй болгож байна. Малчид бид яаж оршин тогтнох вэ гэдэг асуудал тулгарч байна!

Би говийн бүс нутаг, тэр дундаа Айраг сумын уурхай бүхий нутагт амьдарч буй малчин байна.

Өнөөдөр манай говийн бүс бүхэлдээ уул уурхайн бүс нутаг болон хувирлаа. Уул уурхай Монгол Улсыг тэжээж байгаа гэж ярьдаг боловч бодит байдал дээр нутгийн иргэд, малчдын үнэ цэнийг үгүй хийж байна.

 Хамгийн гол нь уул уурхайн нөлөөгөөр усны нөөц шавхагдаж, бэлчээр сүйдэж, газар нутаг маань эзэнгүйрч байна. Энэ нь бидний оршин тогтнох, цаашид амьдрах үндэс суурийг шууд ганхуулж байгаа асуудал юм.

Говийн бүсийн малчдад тогтвортой хөгжих, эрхээ хамгаалуулах бодит нөхцөл боломж алга байна. Бусад бүс нутгийн малчид харьцангуй тайван амьдарч байхад бид зөвхөн яаж амьд үлдэх вэ гэдэг асуудалтай нүүр тулж байна.

 Уул уурхайн нөлөөлөл, үүнээс үүдэлтэй хүндрэлүүдийг нарийвчлан тооцохгүйгээр хууль баталж байгаа нь говийн малчдыг төрийн бодлого, хуулийн хамгаалалтын гадна орхигдуулж буй хэрэг юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.