Профессор Б.Чимид: Модны "цагаан хөвөн" буюу унгирал УБ хотод 100 жил байсан, байсаар ч байх болно

Жил бүрийн хавар Улаанбаатар хотын улиасны унгирал хийсэж, оршин суугчдад төвөг болдог билээ. Жил бүр энэ асуудал хөндөгддөг ч хэзээ ч өөрчлөгдөхгүй байсаар л байна. Тэгвэл улиасны унгирал буюу иргэдийн хэлж заншсанаар "мдоны хөвөн" ер нь арилдаг эсэх талаар бид Профессор, дендрологич Б.Чимидээс тодрууллаа. 

Профессор, дендрологич Б.Чимид:

Улаанбаатарчууд бид улиас модны цагаан хөвөнтэй зуу гаруй жил хамт амьдарч байна. 

Гэтэл жил бүрийн зургаадугаар сарын сүүлчээр энэ үзэгдэл эхлэхэд хүмүүс гэнэт л анх удаа харж байгаа мэт гайхаж, дургүйцлээ илэрхийлэх юм. Үнэндээ энэ бол улиас модны үр бөгөөд байгалийн жамаараа ялгарч буй хэрэг юм.

 Улиас мод нь эр, эм хүйсний ялгаатай байдаг. Эр улиаснаас тоос хүртэж, үр тогтсоны дараа эм улиас ийнхүү цагаан хөвөн буюу үрээ хаядаг байна.

Хэрэв хотод дандаа эр улиас тарьсан бол ийм асуудал үүсэхгүй байх байсан биз. Гэвч нэгэнт тарьж ургуулсан эдгээр модыг одоо шууд устгаж, өөрчлөхөд хүндрэлтэй.

Иргэд энэхүү "цагаан хөвөн"-г харшил үүсгэдэг, заваан гэж шүүмжилдэг. Хөвөн ам, хамар руу орох, нүд улайлгах зэргээр хүндрэл учруулдаг нь үнэн. Гэвч мэргэжлийн байгууллагуудын шинжилгээгээр тухайн "цагаан хөвөн" өөрөө харшил үүсгэдэггүй болох нь тогтоогдсон. 

Харин эр улиаснаас ялгардаг тоос нь хүн амын цөөн хувьд (ойролцоогоор 2.7%) харшлын урвал үзүүлэх магадлалтай байдаг аж.

Бид 1930-аад оноос хойш буюу бараг 90-100 жилийн турш улиас модтой "нөхөрлөж" байна. Хотын гудамжаар "хөвөн" хийсэж, бага зэрэг новширдог талтай ч энэ үзэгдэл ердөө 7-10 хоног үргэлжлээд дуусдаг.

Тиймээс үүнийг гэнэтийн шинэ зүйл мэтээр хүлээж авч, хэт туйлшрах шаардлагагүй юм. Энэ бол жил бүр болдог л үйл явц. Монголд яг энэ улиасны "хөвөн"-өөс болж өвчилсөн гэх албан ёсны оноштой хүн байхгүй.

Иймд улиасыг ад үзэхээсээ илүүтэй байгалийн энэ үзэгдэлд бодитой хандаж, цаашид хотын ногоон байгууламжийн хүйсийн харьцааг хэрхэн зөв зохицуулах вэ гэдэгт анхаарах нь зүйтэй болов уу.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.