Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-тай боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр тохиролцов

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-тай боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр тохиролцов

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТҮҮХИЙ ЭДИЙГ ТҮҮХИЙГЭЭР НЬ ГАРГАДАГ ТҮҮХИЙГ ХАЛНА

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо зохион байгуулагдаж буй “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох үеэрээ /2026.06.23/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хоёр талын уулзалт хийлээ. 

БНХАУ нь Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа чухалчлан үзэж, хөрш орнуудтайгаа “Найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх бодлого баримталж ирснийг Монголын тал сайшаав. 

viber image 2026 06 23 18 30 03 489

Уулзалтаар хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрдэс баялаг, эрчим хүч, ногоон хөгжил, шинэ технологи, инновацын хамтын ажиллагааг бодит төслүүдээр урагшлуулах асуудлыг хэлэлцэв. 

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газар бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг эрхэмлэж, хоёр улсын дээд, өндөр түвшинд хүрсэн нэгдсэн ойлголцлыг бодит ажил хэрэг болгохын төлөө байгааг тэмдэглэлээ.  Монгол Улс цаашид түүхий эдийг зөвхөн түүхийгээр нь экспортолдог загвараас татгалзаж, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавьж буйг онцлов.

Энэ хүрээнд зэс, хөнгөн цагаан, ган зэрэг боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн явц, тулгамдаж буй асуудал, хэрэгжилтийг түргэсгэх арга замын талаар санал солилцлоо.

Ерөнхий сайд Н.Учрал эдгээр төслийг зөвхөн худалдааны асуудал бус, Монгол Улсын эдийн засгийн бүтцийг өөрчлөх, ажлын байр нэмэгдүүлэх, технологи нутагшуулах, экспортын орлогыг өсгөх стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс түүхий эдийн нийлүүлэгчээс нэмүү өртөг бүтээгч улс болох ёстой. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг халж, боловсруулах үйлдвэр, технологи, үйлдвэрлэлийн шинэ суурийг хамтдаа байгуулах цаг болсон гэдгийг онцолсон юм.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, “Зуны Давос” чуулга уулзалтад оролцож буйд талархал илэрхийллээ. 

viber image 2026 06 23 18 30 03 4541

Уул усаар холбогдсон мөнхийн хөрш Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа Хятад улс өндөр ач холбогдол өгч, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тулгуур баримт бичгийн үзэл санааны дагуу талууд тус тусын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, өөрсдийн сонгосон хөгжлийн зам, язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн зарчмыг баримтлан харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Мөн Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдийн талаарх Хятадын байр суурийг дэмжиж ирсэнд талархалтай байдгаа тэмдэглэв. 

viber image 2026 06 23 18 30 03 5251

Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, таамаглашгүй байгаа энэ цаг үед НҮБ-ын дүрмийг сахин хамгаалж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлыг хамтдаа сахин хамгаалж, найрсаг хөршийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь хоёр улсын эрх ашигт нийцэхийг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян онцлон тэмдэглэв. 

Талууд хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц, тээвэр логистик, эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд аж ахуйн нэгж хоорондын шударга хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих эрх зүйн үндсийг бий болгохыг зорьж ажиллахаар санал нэгдэв.

Ерөнхий сайд Н.Учралын хувьд шинэ цагийн залуу удирдагчийн хувиар Монгол Улсын эдийн засгийн сэргэлтийг бодит төсөл, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагаагаар түргэсгэхийг зорьж байна. Энэ удаагийн уулзалт нь Монгол Улс түүхий эдийн экспортод тулгуурласан уламжлалт загвараас үйлдвэрлэл, боловсруулалт, нэмүү өртөг, технологид суурилсан эдийн засаг руу шилжих зорилтыг урагшлуулах чухал алхам боллоо.

viber image 2026 06 23 18 30 03 578

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.