Намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, илүү ойр, нээлттэй ажиллах боломжийн талаар танилцууллаа
“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын баг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд ажиллаж, сумын намын гишүүд, дэмжигчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга бөгөөд аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, аймгийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Хөдөө аж ахуйн газар, Нийгмийн даатгалын газрын удирдлагууд, Цагаан-Уул сумын Монгол Ардын Намын хорооны дарга Б.Санчир, намын дэд дарга Н.Доржпалам, сумын Засаг дарга С.Гончигням болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Тус уулзалтад Цагаан-Уул сумын 200 гаруй намын гишүүн, дэмжигч оролцож, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, орон нутгийн хөгжилд чиглэсэн арга хэмжээ, цаашдын зорилт, төлөвлөгөөний талаар мэдээлэл сонслоо.
Мөн МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, Enam 3.0 платформын зорилго, ач холбогдлын талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат мэдээлэл хийж, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, иргэдтэйгээ илүү ойр, нээлттэй, шуурхай ажиллах боломжийн талаар танилцууллаа.

Цагаан-Уул сум нь мал аж ахуйн арвин баялаг нөөцтэй, хөдөлмөрч малчид, иргэдийн хүчээр хөгжиж буй сум юм. Тус сум нь малын тоо толгойн хэмжээгээр Монгол Улсын хэмжээнд гуравдугаарт, Хөвсгөл аймагтаа нэгдүгээр ордог бөгөөд Цагаан-Уулын үүлдрийн илүү нугаламт хонь, ноосны чиглэлийн хониороо танигдсан, мал аж ахуйн уламжлал, нөөц боломж өндөртэй нутаг юм.

Уулзалтын үеэр иргэдийн зүгээс Цагаан-Уул суманд ундны усны хүртээмж, чанарын асуудал хамгийн чухал, яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг болоод байгаа талаар онцлон дурдлаа.
Түүнчлэн Цагаан-Уул сумын иргэд баруун чиглэлийн авто замын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцолж, орон нутгийн хөгжил, иргэдийн зорчих хөдөлгөөн, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний тээвэрлэлт, эдийн засгийн эргэлтэд авто замын хүртээмж, чанар чухал нөлөөтэйг илэрхийллээ.

Уулзалтад оролцсон аймгийн салбар байгууллагуудын удирдлагууд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, нийгмийн даатгалын чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулт өглөө.


Мөн Цагаан-Уул сумын намын хорооны ахмад настан С.Энхболд, Б.Амаржаргал гуайд зочилж, МАН-ын дарга Н.Учралын мэндчилгээг уламжлан, санал хүсэлтийг нь сонслоо.
Ахмад гишүүд олон жил нам, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд тэдний санал бодол, туршлага, үнэтэй зөвлөмж нь цаашдын ажилд чухал ач холбогдолтой юм.






Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.