Эдийн засагч Р.Даваадорж: Эдийн засаг хүнд, иргэдийн амьдрал тааруу байхад Засгийн газар амарч болохгүй!

Монголбанк өнөөдөр Мөнгөний бодлогын хүүгээ 12 хувьд хадгалах шийдвэрээ танилцуулсан. Учир нь гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал, инфяляцийн өсөлттэй холбоотойгоор ийм шийдвэрт хүрчээ. Харин уг асуудлаар бид эдийн засагчдийн байр суурийг тодрууллаа. 

Эдийн засагч Р.Даваадорж: Жилийн өмнө 6.5 их наяд байсан татварын өрийн хэмжээ өнөөдөр 8 их наядад хүрсэн

-Эдийн засгийн нөхцөл байдал цаашид улам хүндрэх төлөвтэй байгаа нь иргэдийн амьжиргаа, санхүүгийн чадамжид шууд нөлөөлж байна. Өнөөдөр чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, иргэд өдөр тутмын хэрэглээгээ залгуулахын тулд санхүүгийн дарамтад орж байгаа нь нууц биш. Ялангуяа орлого нь зарлагаа нөхөж чадахгүй байгаа энэ үед иргэд ирээдүйн санхүүгээ төлөвлөхөд нэн төвөгтэй болж байна. Зуны дэлгэр цаг эхэлж, Монголчууд амарч зугаалах, найр наадам хэсэх үе ирж байна. Энэ жил улс орон даяар олон аймгийн түүхт ой, 330 сумын баяр наадам тохиож байгаа ч Үндэсний статистикийн хорооны тоо баримтыг харахад иргэдийн санхүүгийн бодит дүр зураг туйлын харамсалтай байна.

Орлого нь зарлагаа гүйцэхээ байсан иргэдийн хувьд урьдын адил өргөн дэлгэр наадамлаж, амарч чадах уу гэдэг нь эргэлзээтэй асуудал.

Эдийн засагч хүний хувьд миний баримталдаг хатуу байр суурь бол иргэдийн амьжиргаа ийм түвшинд байхад Засгийн газар амарч болохгүй гэсэн шаардлага юм.

Хувийн хэвшлийнхэн, тэр дундаа жижиг, дунд аж ахуйн нэгжүүд татварын асар их өрөнд баригдаж, үүд хаалгаа барихад хүрээд байна. Жилийн өмнө 6.5 их наяд байсан татварын өрийн хэмжээ өнөөдөр 8 их наядад хүрсэн гэх мэдээлэл байгаа нь хувийн хэвшил туйлдаж байгааг илтгэнэ.

Гэтэл төрөөс үүнийг шийдвэрлэх дорвитой арга хэмжээ авахгүй байна. Засгийн газар зөвхөн "гал унтраах" байдлаар төрийн албан хаагчдын цалинг нэмж байгаа нь эргээд инфляцыг хөөрөгдөж, нийт иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна.

Макро эдийн засгийн тоо үзүүлэлтүүд өсөлттэй харагдаж байгаа ч энэ нь зөвхөн уул уурхай дээр суурилсан өсөлт юм. Улс орныг нуруундаа үүрч явдаг жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний үйл ажиллагааг сэргээх бодлого үгүйлэгдэж байна. Хэрэв аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн зөв бодлого явуулбал ард түмний амьдрал дагаад дээшлэх учиртай.

Шинээр байгуулагдсан Засгийн газар энэ зун наадам хэсэж амрах биш, харин аж ахуйн нэгжүүдийнхээ үүд хаалгыг нээх, өрхийн орлогыг бодитоор нэмэгдүүлэх бодлого дээр төвлөрөх шаардлагатай.

Инфляц өсөж, төгрөгийн ханш сулрахаар Монголбанк руу бурууг чихдэг атлаа төсвийн зардлаа хэд дахин нэмдэг байдлыг зогсоох ёстой.

Иргэдийн зээлийн дарамт дааж давшгүй хэмжээнд хүрсэн энэ үед эдийн засгийн бодит шинэчлэл хийхгүй бол нөхцөл байдал улам дордох аюултай байна.

Эдийн засагч Б.Энх-Амгалан: Засгийн газрын урсгал зардал нэмэгдсээр байгаа нь инфляци өсөхөд нөлөөлж байна

-Монголбанкны зүгээс мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэхээс өөр аргагүйд хүргэж байна. Үүний шалтгаан нь гадаад, дотоод хүчин зүйлээс хамааралтай.

Засгийн газар төвсийн зардлагыг нэмэгдүүлж байгаа нь инфляци өсөхөд нөлөөлж байна. Урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа нь эрэлт бий болгоод, эрэлт нь инфляцийг хөөрөгдөж байна. 

Сүүлийн 1-2 жилийн хугацаанд Засгийн газрын урсгал зардлыг маш их тэлж байгаа нь эргээд бодлогын хүүг бууруулах орон зайг бий болгохгүй байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.