Бүх цаг үеийн хамгийн агуу суутнуудын нэг Зинедин Зиданы "Сүүлчийн бүжиг"
"Хөлбөмбөгийн сонирхолтой түүхүүд" цувралынхаа ээлжит дугаарт бид бүх цаг үеийн хамгийн агуу суутнуудын нэг Зинедин Зиданы "сүүлчийн бүжиг"-ийг толилуулж байна.
2006 оны ДАШТ бол зүгээр л нэг хөлбөмбөгийн тэмцээн байсангүй. Энэ бол бүх цаг үеийн хамгийн агуу суутнуудын нэг Зинедин Зиданы "сүүлчийн бүжиг" байлаа. Энэ бол баатарлаг хэрнээ эмгэнэлтэй төгсгөл бүхий түүх юм.
Тэмцээний эхэнд Францын шигшээ баг Швейцар, Өмнөд Солонгостой тэнцэж, Тогог хожсноор хэцүүхэн байдлаар хэсгээсээ арай ядан шалгарсан юм. Олон хүн тэднийг дууссан гэж харж байв. Гэвч хасагдах шатны шүгэл дуугарахтай зэрэгцэн Зидан гэх нойрсож буй араатан сэрснээр тэр багаа нуруундаа үүрч, ялалт руу хөтөлсөн юм.
Шөвгийн 16-д Испанийн залуу ододтой таарсан ба Испанийн фанатууд болон зарим тоглогчид "Өнөөдөр бид Зиданыг тэтгэвэрт нь гаргана" хэмээн бардамнаж байв. Гэвч 34 настай мастер талбай дээр ид шидээ гайхуулж, тоглолтын турш гайхалтай байснаас гадна 92 дахь минутад гоол оруулан тэднийг нутаг буцаасан юм.
Шөвгийн наймд Роналдо, Роналдиньо, Кака нараар ахлуулсан хүчирхэг Бразильтай таарав. Энэ тоглолтод Зидан хөлбөмбөгийн урлаг гэж юу болохыг жинхэнэ утгаар нь дэлхий нийтэд харуулсан тоглолт болж өнгөрсөн юм. Тэрээр ногоон талбайг бүрэн эзэгнэж, Тьерри Анрид алтан боломж гаргаж өгснөөр дэлхийн аваргуудыг өвдөг сөхрүүлэв.

Хагас шигшээд Луйш Фигу болон цэл залуу Криштиано Роналдогоор манлайлуулсан Португалийн эсрэг мөн л түүний оруулсан цорын ганц гоол Францыг финалын тайзнаа хөтлөн авчирсан юм.
2006 оны 7-р сарын 9. Берлин хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэн. Зиданы карьерын сүүлчийн тоглолт, дэлхийн аваргын алтан цомын төлөөх тулаан байлаа.
Тоглолт эхлээд ердөө 7 дахь минут. Франц торгуулийн цохилт гүйцэтгэх эрхтэй болов. Зидан бөмбөгний ард зогсож, дэлхийн шилдэг хаалгач Жанлуижи Буффоны өөдөөс "Паненка" хэмээх маш эрсдэлтэй, гоёмсог цохилтыг хийж тооны харьцааг нээв. Агуу хүний бардам бөгөөд зоримог шийдвэр бас ганган гоол байсан юм. Гэвч баяр хөөр удаан үргэлжилсэнгүй, 19 дэх минутад Италийн хамгаалагч Марко Матерацци булангийн цохилтоос мөргөж, тоог 1:1 болгож улмаар нэмж гоол оролгүй нэмэлт цаг руу шилжлээ.
Тоглолтын 110 дахь минут.
Дэлхий даяар сая сая хүн зурагтынхаа дэлгэц рүү амьсгал даран ширтэн суух тэр мөчид хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн төсөөлөмгүй, цочирдом үйл явдал болов. Үргэлж тайван гэгддэг Зидан гэнэт эргэж хараад, Матераццийн цээж рүү толгойгоороо хүчтэй мөргөж унагалаа.

Шүүгч тэр явдлыг нүдээр үзээгүй ч 4-р шүүгчийн тусламжтайгаар мэдэж халааснаасаа улаан хуудас гаргаж ирсэн нь агуу тоглогчийн замналын үдэлт байлаа. Зидан Дэлхийн аваргын алтан цомын хажуугаар толгой гудайлган алхсаар талбайг орхиж буй зураг хөлбөмбөгийн түүхэн дахь хамгийн гунигтай мөчүүдийн нэг билээ.
Олон жил нууцлагдмал байсан энэхүү явдлын үнэн шалтгаан хожим тодорхой болсон юм. Тоглолтын турш Матерацци түүнийг хамгаалахдаа футболкоос нь байнга зулгааж, үг хэлээр өдөөн хатгаж байжээ.
Тэвчээр нь барагдсан Зидан "Хэрэв чи миний футболкыг ингэж их хүсээд байгаа юм бол тоглолтын дараа би чамд тайлаад өгье" гэж хэлэв.
Харин Матерацци хариуд нь: "Цамцнаас чинь илүү чиний тэр янхан эгчийг чинь авсан нь дээр" гэж хариулсан нь дарь руу гал чулуудахтай адил болов.
Тухайн үед ээжийнх нь бие ч тааруу байсан ба Зиданы хувьд энэ үгс уурыг нь маш ихээр хүргэжээ. Тэрээр алтан цом, өөрийн карьер, багийн ялалтаас илүүтэйгээр гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалахаар шийдсэн нь тэр байв.
Матерацци хожим нь "Би түүнийг эгчтэй гэдгийг ч мэдэхгүй, зүгээр л хөлбөмбөгчдийн дунд байдаг л нэг бүдүүлэг үг хэлсэн. Гэхдээ ийм үйлдэл үзүүлнэ гэж санаагүй" хэмээн хүлээсэн байдаг.
Ахлагчаа алдсан Францын баг нэмэлт цаг тэнцээгээр дуусч торгуулийн цохилтоор ялагчийг шийдэхэд Италид 5:3-аар ялагдсан байдаг.
Францын хөгжөөн дэмжигчид Зиданыг буруутгаагүй бөгөөд түүнийг эх орныхоо нэр төр, гэр бүлээ хамгаалсан гэж үзэж дэмжицгээж байсан юм.
Хэрэв та өөрөө яг тэр ногоон талбайд, дэлхий ертөнц харж байх мөчид тийм нөхцөл байдалд орсон бол алтан цомыг бодож шүд зуун тэвчих байсан уу, эсвэл гэр бүлийнхээ нэр төрийг өмгөөлж шууд хариу үйлдэл үзүүлэх байсан уу?
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.