ЭЕШ өгж буй шалгуулагчдын дунд зөвхөн сургуульд орох бус, өөрийнхөө мэдлэгийн түвшинг сорихоор ирсэн залуус ч байна

ЭЕШ өнөөдөр эхлэсэнтэй холбоотойгоор 23-р сургуулийн сурагчид, эцэг эхчүүдийн сэтгэгдлийн хүргэе.

ЭЕШ бол Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын хүсэн хүлээдэг, тэдний амьдралын нэгэн шинэ хуудсыг нээдэг чухал өдөр юм. Шалгалтын байрны гадна хүүхдээ хүлээж зогсоо аав хүний хувьд нийт шалгуулагчдадаа аз жаргал, амжилт хүсэж, хүүхэд бүрийн хүсэл биелж, оюун билэг нь саруул, бие нь эрүүл байхыг ерөөж байна. Энэ өдөр айл бүрд баяр хөөр авчирч, залуус маань эх орныхоо ирээдүйг авч явах боловсролтой иргэд болохын эхлэл тавигдаж байна.

Шалгуулагчдын дунд зөвхөн сургуульд орох бус, өөрийнхөө мэдлэгийн түвшинг сорихоор ирсэн залуус цөөнгүй байна. Тухайлбал, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан өнгөрсөн жилийнхээ түвшнээс хэр ахисныг үзэхээр англи хэлний шалгалтыг дахин өгчээ. Тэрээр шинээр сургуульд орох зорилгогүй ч өөрийгөө сорьж, хаана яваагаа мэдэхээр ийнхүү туршлагатайгаар оролцож байгаагаа хуваалцлаа.

ШУТИС-ийн Мэдээлэл технологийн ангид орохоор зорьж буй сурагч англи хэлний шалгалтаа амжилттай өгөөд гарч ирлээ. Тэрээр eesh.mn цахим платформыг ашиглан бэлдсэн бөгөөд шалгалтын даалгаврууд бодсоноос нь харьцангуй хялбар байсныг онцолсон юм. Нийт гурван хичээлээр шалгалт өгөхөөр төлөвлөсөн тэрээр ирээдүйн мэргэжилдээ итгэлтэй байна.

Мөн ажлынхаа хажуугаар бэлдэж, СЭЗИС-д орох зорилготой залуус ч шалгалтаа өгч байна. Батлан хамгаалах яамны шугамаар БНХАУ-д кибер аюулгүй байдлын чиглэлээр суралцахаар зорьж буй нэгэн сурагч англи хэлний шалгалтаа 700-800 оноо авна гэдэгтээ итгэлтэй байна. Тэрээр монгол хэл, англи хэл, орос хэл, математик гэсэн дөрвөн хичээлээр шалгалт өгч байгаа бөгөөд бэлдсэн зүйлс нь яг таг ирснийг дурдлаа.

Түүнчлэн ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын ангид орохоор англи хэл, математик, нийгмийн судлалын хичээлээр бэлдсэн сурагчид шалгалт нь боломжийн түвшинд байсанд сэтгэл хангалуун байна. Гадаадад суралцахаар төлөвлөж буй хүүхдүүд ч дотоодын шалгалтын түвшнээ тодорхойлох зорилгоор ЭЕШ-д оролцож байна. 11 дүгээр ангиасаа эхлэн тууштай бэлдсэн хүүхдийнхээ ирээдүйд эцэг эхчүүд итгэл дүүрэн байгаа бөгөөд тэдний хүсэл мөрөөдөл биелнэ гэдэгт найдаж байна. Шалгуулагч бүр өөрийнхөө хэмжээнд бэлтгэлээ базаасан бөгөөд эхний шалгалтуудаа амжилттай өгч, дараагийн хичээлүүддээ бэлтгэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.