Б.Дашпүрэв: Петрочайна 700 тэрбумын татварын өртэй байсныг хэрэгсэхгүй болгож, хайгуулаа эрчимжүүлэхээр тохирсон
Засгийн газраас Петрочайна компанитай тохиролцож, газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн талаар холбогдох яамдын албан тушаалтнууд ярьж буй. Гэвч яг ямар гэрээ, хэлэлцээ хийсэн нь ил тод бус байна. Уг асуудлаар АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэвээс тодрууллаа.
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв:
-Петрочайнатай 700 тэрбум төгрөгийн татварын маргаантай асуудал байсан. Энэ асуудал шийдвэрлэгдсэн. Ингэснээр тус компани 100 сая доллароор хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд, үйл ажиллагаагаа эхчимжүүлнэ.
Уг бодлогын асуудлыг Петрочайнагийн толгой компани болох Си Эн Пи Си групп дээр тавьчихсан явж байна. Ингэснээр хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, ажлын байр нэмэгдэнэ, татвар төлөлт нэмэгдэнэ. Бидний хамгийн том зорилго болох дотоодын тосоороо Монгол Улсынхаа боловсруулах үйлдвэрээ хангах боломж бүрдэнэ.
-700 тэрбумын актыг тэр чигт нь хэрэгсэхгүй болгосон гэсэн үг юм уу?
-Тийм. Энэ угийн маргаантай асуудал байсан. Татвар авахгүйгээр тодорхой хэмжээний бүтээгдэхүүн хуваах гэрээний хамгийн том онцлог болбид бүхэн бүтээгдэхүүнээ хувааж авч авах явдал. Тухайн үеийн гэрээн дээр зарим нэг татварыг авахгүй зохицуулалттай. Гэтэл манайх гэнэт хуулиа өөрчлөөд татвар авна гэснээс үүдэж маргаан үүссэн байдаг. Олон улсад бол такс рояалтигийн систем буюу рояалтийгээр татвараа ноогдуулаад явдаг.
Тиймээс бид энэ Газрын тосны хуулийн нэмэлт өөрчлөлт дээр цаг үедээ нийцүүлэн, боломжтой хувилбарыг санал болгосон хуулийн зохицуулалт оруулсан.
Энэ маргааныг шийдсэнээр Петрочанай хэр хэмжээний газрын тос олборлож байгаад одоо хэд болж нэмэгдэх вэ?
-Одоогийн түвшинд дунджаар 400 мянган тонн бүтээгдэхүүн олборлох төлөвлөлттэй явж байсан. Харин бид бүхэн ТЭЗҮ-тэй нь нийцүүлснээр 1,5 сая тонн түүхий тос олборлох ёстой гэж шаардаж байгаа юм. Энэ түвшинд хүргэхэд бид шахаж ажиллана. ТЭЗҮ-д тодотгол хийх зайлшгүй шаардлагатай болж байна.
Ер нь Петрочайна компани тодорхойгүй нөхцөл байдлын улмаас олборлолтоо багассан байсан бол одоо тохиролцсон ёсоор ТЭЗҮ-дээ нийцүүлж, олборлолтоо нэмэгдүүлэх ёстой.
Зөвхөн энэ Газрын тосны хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд асуудал шийдэгдэж байгаа юм уу, Бүтээгдэхүүн хуваах гэрээ өөрчлөгдөх юм уу?
-1993, 94 онд байгуулагдсан эдгээр гэрээнүүд дээр өөрчлөлт ороогүй. Үндсэн шаардлага нь олборлолтоо 1,5 сая тонн хүргэх. Ингэснээр бид боловсруулах үйлдвэрээ түүхий эдээр хангах нөхцөл бүрдэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.