Дэлхийн 100 гаруй орны малчид Монгол Улсад чуулж байна
Дэлхийн 100 гаруй орны 400 гаруй төлөөлөл Монгол Улсад чуулж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурлын өмнө бэлчээрийн тогтвортой менежмент, нүүдлийн мал аж ахуйн асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ
Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ)-тай хамтран 2026 оны 8 дугаар сарын 9–15-ны өдрүүдэд “Дэлхийн малчдын чуулга уулзалт, бага хурал”-ыг зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс малчид, бодлого боловсруулагчид, судлаачид, уугуул иргэдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд болон хөгжлийн түншүүд оролцож, бэлчээрийн тогтвортой менежмент болон нүүдлийн мал аж ахуйн ирээдүйн талаарх нэгдсэн байр сууриа тодорхойлох юм.
Энэхүү чуулга уулзалт нь “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил – 2026”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд Африк, Ази, Европ, Америк болон дэлхийн бусад бүс нутагт болсон малчдын уулзалт, хэлэлцүүлгүүдийн үр дүнг нэгтгэх чухал арга хэмжээ болж байна.
Түүнчлэн бүс нутгуудаас гарсан санал, тэргүүлэх чиглэлүүдийг нэгтгэн малчдын дуу хоолойг дэлхийн түвшинд хүргэж, 2026 оны 8 дугаар сард Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын өмнө нэгдсэн байр суурь бүрдүүлэх онцгой ач холбогдолтой.
Чуулга уулзалтад 100 гаруй орны 240 орчим гадаадын төлөөлөгч, Монголын малчид, төрийн байгууллагын төлөөлөл, судлаачид, хөгжлийн түншүүд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, нийт 400 орчим хүн чуулах юм.
Оролцогчид туршлагаа солилцож, нийтлэг тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн, малчдын амьжиргаа, бэлчээрийн тогтвортой байдал, хүнсний тогтолцооны тэсвэрлэх чадварыг дэмжих бодлого, хамтын ажиллагааны чиглэлээр нэгдсэн санал, зөвлөмж боловсруулна.
Чуулга уулзалтын эхний хэсэгт оролцогчид Монгол орны бэлчээрийн бүс нутгуудад дөрвөн өдрийн орон нутгийн айлчлал хийнэ. Энэ үеэр олон улсын төлөөлөгчид нутгийн малчидтай уулзаж, Монголын уламжлалт мал аж ахуй, бэлчээр ашиглалт, тогтвортой мал аж ахуйн туршлагатай газар дээр нь танилцахын зэрэгцээ мал аж ахуйн ирээдүйн асуудлаарх сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдэд оролцоно.
Монгол орны бэлчээр, мал аж ахуйн онцлог, олон талт байдлыг харуулах зургаан чиглэлийг орон нутгийн айлчлалд сонгосон бөгөөд эдгээр нь дэлхийн өөр өөр бүс нутгийн малчид харилцан туршлага солилцох талбар болох юм.
Орон нутгийн айлчлал, хэлэлцүүлгийн хүрээнд оролцогчид дараах гурван гол баримт бичгийг боловсруулна:
- Дэлхийн малчдын тунхаглал
- Эмэгтэй малчдын тунхаглал
- Залуу малчдын тунхаглал
Мөн иргэний нийгмийн байгууллага болон түншүүдийн дэмжих мэдэгдлийг боловсруулж, малчдын амьжиргааг сайжруулах, бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих чиглэлээр хамтын үүрэг амлалтыг тодорхойлно.
Орон нутгийн айлчлалын дараа оролцогчид Улаанбаатар хотноо эргэн цугларч, 8 дугаар сарын 14–15-ны өдрүүдэд Дэлхийн малчдын чуулга уулзалт, бага хурлын нэгдсэн хуралдаанд оролцоно.
Нэгдсэн хуралдаан нь малчдын дуу хоолойг дэлхийн түвшинд хүргэхийн зэрэгцээ төр засаг, судлаачид, олон улсын байгууллагууд болон хөгжлийн түншүүдтэй шууд хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг бүрдүүлнэ. Хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, уламжлалт мэдлэг, бэлчээрийн тогтвортой менежмент, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл зэрэг асуудлыг хөндөнө.
Бага хурлын гол зорилго нь малчдын тэргүүлэх асуудлуудыг тусгасан тунхаглал, бодлогын зөвлөмжүүдийг эцэслэн батлахын зэрэгцээ олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.
Чуулга уулзалтаас гарах үр дүнг UNCCD COP17-д танилцуулснаар газрын доройтол, цөлжилт, гангийн тэсвэрлэх чадвар, газрын тогтвортой менежмент зэрэг дэлхий нийтийн бодлогын хэлэлцүүлэгт малчдын санал, хэрэгцээ шаардлага, дуу хоолойг хүргэх юм.
Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил – 2026
Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил” болгон зарласан. Олон улсын жилийн зорилго нь бэлчээр, нүүдлийн мал аж ахуй нь хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, тогтвортой амьжиргаа болон экосистемийн эрүүл байдлыг хангахад оруулж буй хувь нэмрийн талаарх дэлхий нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд оршино.
Монгол Улсын хувьд Дэлхийн малчдын чуулга уулзалт нь бэлчээрийн тогтвортой менежментийн асуудлыг олон улсын түвшинд хэлэлцүүлэх чухал үйл явдал юм. Монгол Улс Дэлхийн малчдын чуулга уулзалт болон UNCCD COP17-ыг эх орондоо зохион байгуулж буй нь уламжлалт малчдын мэдлэг, шинжлэх ухааны ололтыг уялдуулан байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн сорилтуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах боломж бүрдүүлж байна.
Дэлхийн малчдын чуулга уулзалт, бага хурлыг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран, Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил – 2026-ыг дэмжигч үндэсний болон олон улсын түнш байгууллагуудын оролцоотой зохион байгуулна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тухай
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ) нь өлсгөлөнг арилгах, хүнсний аюулгүй байдлыг хангах олон улсын хүчин чармайлтыг манлайлан ажилладаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. НҮБ-ын ХХААБ нь дэлхийн 130 гаруй оронд Засгийн газар болон түншүүдтэй хамтран илүү үр ашигтай, хүртээмжтэй, тэсвэртэй, тогтвортой хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.