"Уламжлал ба орчин үе" сэдэвт олон улсын монголч эрдэмтний XIII Их хурал боллоо
"Уламжлал ба орчин үе" сэдэвт олон улсын монголч эрдэмтний XIII Их хурал 2026 оны наймдугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү олон улсын монголч эрдэмтний XIII Их хурлыг зохион байгуулах хорооны даргаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ажиллаж, нээлтийн үг хэллээ.

Нээлтийн үгэндээ, “Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна, гадаад дахь монгол судлалын төвүүдтэй тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлнэ, дэлхийн шилдэг судалгааны бүтээлүүдийг монгол хэлнээ, Монголын эрдэмтдийн бүтээлийг олон улсын хэлнээ түгээн дэлгэрүүлэх ажлыг дэмжинэ, залуу монгол судлаачдыг бэлтгэх, тэтгэлэг, солилцооны хөтөлбөрийг өргөжүүлнэ” гэхчлэн чихэнд чимэгтэй зорилтуудыг дуулгасан билээ. Эдгээр дэвшүүлсэн зорилтуудаас монгол судлалын салбарт төр засаг анхаарал хандуулах тухай чухал агуулгыг харж болохоор.

Нөгөө талаар оролцсон эрдэмтэд, хэлэлцүүлж буй илтгэлийн тоо, салбар хуралдаанууд зэрэг олон үзүүлэлтээрээ урьд өмнө болж байгаагүй далайцтай томоохон хурал болов. Эрдэмтэд ам сайтай, сэтгэл хангалуун өндөрлүүлснийг онцлууштай. Учир нь, 1959 оноос эхэлсэн эл хуралд энэ жил 30 гаруй орны 570 гаруй эрдэмтэн оролцсон бөгөөд монгол хэл, археологи, соёл, урлаг, утга зохиол, угсаатны зүй, уламжлалт мэдлэг ухаан, Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлалын талаар 530 гаруй илтгэл хэлэлцүүлсэн юм. Том зургаараа монгол судлалын ололт амжилтаа дүгнэж, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, ирээдүйн зорилтоо хэлэлцэв.

Монголч эрдэмтэд, монгол судлаачид гэдэг нэгэн насны амьдралаа, үйл хэргээ Монгол судлалд, Монгол үндэстний өнгөрсөн агуу их түүх, соёл судлалд хоёргүй сэтгэлээ зориулсан хүмүүс. Дотоод, гадаадын 4,000 орчим эрдэмтэн, судлаач байдаг аж. Тэд, Монгол төр, монголын ард түмний гүн хүндэтгэлийг хүлээх ч учиртай.
Таван жилд нэг удаа болдог энэхүү хуралдааны давтамжыг энэ жилээс гурван жилд нэг удаа болгох шийдвэр гаргалаа. Ингэж ойр ойрхон цугладаг болсоноор хийсэн судалгаа, бүтээлээ харилцан мэдээлж, солилцож, тэр чинээгээр Монгол судлалыг урагшлуулан хөгжүүлэх юм. Нүдээ олсон шийдвэр болсон гэж сайшаагдав. Дэлхийн монгол судлаачдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх боломж билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.