#COP17-г бэлгэдсэн мазаалайн дүрст дурсгалын марк гүйлгээнд гарлаа

#COP17-г бэлгэдсэн мазаалайн дүрст  дурсгалын марк гүйлгээнд гарлаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Монгол Улсад зохион байгуулагдаж буйг тохиолдуулан “COP17” сэдэвт дурсгалын шуудангийн маркийг 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр гүйлгээнд гаргалаа.

 

d6f0ab39760445679ccbda237d8e446d

 

Шинэ маркийн анхны өдрийн нээлтийн ёслол COP17 бага хурлын Цэнхэр бүс дэх Host Country House-д боллоо. Нээлтийн ёслолд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Чинюнь Диао, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, тус компанийн Марк, үнэт цаасны газрын захирал Б.Билгүүн нар оролцож, маркийн эх зургийн хөшгийг нээлээ.

 

e49883e655a143fabc137ecd60ba1610

 

Мөн Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN), Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, Монгол Маркийн музейд хадгалах анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурж, тусгай дардас дарлаа.

Монгол Улсын шуудангийн гүйлгээнд шинээр гарч буй 1219 дэх марк болох энэхүү бүтээлийн гол дүрслэлд дэлхийд зөвхөн Монголын говьд тархан нутагладаг нэн ховор Мазаалай буюу Говийн хүрэн баавгай (Ursus arctos gobiensis)-г бамбаруушийн хамт дүрсэлжээ. Энэ нь Монгол орны биологийн олон янз байдал, говь цөлийн эмзэг экосистемийг хамгаалах шаардлага, ач холбогдлыг илэрхийлж байна.

 

a32e13d10d074432b1d4d811d3ca8ca6

 

Түүнчлэн маркийн загварт COP17-ийн албан ёсны лого болон сэргээн ургаж буй ургамлыг дүрсэлсэн нь газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, доройтсон газрыг нөхөн сэргээх үйл хэргийг бэлгэджээ.

“COP17” сэдэвт марк нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 30х40 мм хэмжээтэй бөгөөд нэг хэлхээнд найман марк багтсан байна. Маркийн зураачаар Б.Баярхүү, дизайнераар Ж.Ганхуяг ажилласан байна.

 

bd25946703df43ebacc9bb92897307bf

 

fb215e7fe91047299ab6e3f57b54ef36

 

 

b5ec85701d0948dbaeee67cde803b00fМөн маркийг FSC Recycled Credit гэрчилгээтэй дахин боловсруулсан цаасан дээр дөрвөн өнгийн офсет литографийн аргаар хэвлэсэн нь байгалийн нөөцийг хариуцлагатай ашиглах, байгальд ээлтэй хэрэглээг дэмжих COP17-ийн үзэл санаатай уялдаж буйгаараа онцлог юм.

Дурсгалын марк нь Монгол Улсад зохион байгуулагдаж буй COP17 бага хурлыг шуудангийн маркийн түүхэнд мөнхлөхийн зэрэгцээ Монголын говийн нэн ховор Мазаалайгаар дамжуулан биологийн олон янз байдлыг хамгаалах, газрын тогтвортой ашиглалт, нөхөн сэргээлтийг дэмжих, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтад нэгдэхийг уриалж байна.

##COP17

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.