"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль болж өндөрлөлөө

"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль болж өндөрлөлөө

​Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг Тайж хайрхан уулын бэлд гурван өдрийн турш үргэлжилсэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шилдгүүдээ тодруулж, хаалтын үйл ажиллагаагаараа өндөрлөлөө.

Энэ удаагийн наадам нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарласан, 102 улс хамтран тэмдэглэж буй "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил", түүнчлэн Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын "Цөлжилттэй тэмцэх тухай" конвенцын талуудын 17 дугаар бага хуралтай давхцаж байгаагаараа нэн онцлог байв.

​Фестивальд нийслэл болон аймгуудын 990 өвлөн уламжлагч хуран чуулж, соёлын биет бус өвийн долоон ай савд багтах 362 төрөл зүйлийн өвийг олон нийтэд сурталчлан таниулсан байна.

782385554_122181066488958531_8778518663045140183_n.jpg


Хаалтын ёслолын үеэр шүүгчдийн бүрэлдэхүүн соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдгүүдийг тодруулж, долоон ай савын хүрээнд шилдэг өвлөн уламжлагч 21 хүнд шагнал гардууллаа. Мөн хамгийн өндөр настай зургаан өвлөн уламжлагч, хамгийн бяцхан өвлөн суралцагч зургаан хүүхдийг алдаршуулж шагнал гардуулсан юм.

Түүнчлэн шилдэг аймаг, нийслэлийн баг хамт олныг шалгаруулж нийт таван багт шагнал олгосноос тэргүүн байрын шагналыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан гардууллаа.


Сайд Ж.Алдаржавхлан фестивалийг хааж хэлсэн үгэндээ гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, өвлөн уламжлагчдад гүн талархал илэрхийлж, “НҮБ-ын конвенцын хуралд оролцож буй 300 гаруй төлөөлөгч фестивалийн үйл ажиллагаатай танилцаж, монголчуудын соёлын өвийн гайхалтай баялаг, дахин давтагдашгүй өвөрмөц онцлог бүхий үнэт зүйлстэй нэг дор танилцах ховор боломж олдсонд баяртай байгаагаа хэлээд товчхондоо "гайхалтай" гэж үнэллээ. Энэ бол дэлхий дахин бидний соёл биет бус өвийн баялаг байдлыг хэрхэн үнэлж байгаагийн бодит илэрхийлэл юм” хэмээн онцолсон юм.


​Цаашид энэ фестивалийг олон агуулга, хэлбэрээр баяжуулж, цар хүрээг нь улам бүр өргөжүүлэн дэлхий дахинд нүүдэлчдийн нэрийн хуудас болсон олон улсын томоохон арга хэмжээ болгон хөгжүүлэхийн төлөө зорьж ажиллахаа салбарын сайд илэрхийлэв.

783028355_122181066098958531_1601956344369900065_n.jpg
780104385_122181065252958531_1016358292848156400_n.jpg
780910045_122181065396958531_7858986860848328593_n.jpg

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.