Лоро Пиана брэнд "Дасан зохицохуйн зам: Малчин, мал амьтан, тал хээрийн нэг эрүүл мэнд" төслөө танилцууллаа
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн Талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн алдарт LVMH группийн харьяа тансаг зэрэглэлийн Лоро Пиана брэнд "Дасан зохицохуйн зам: Малчин, мал амьтан, тал хээрийн нэг эрүүл мэнд" төслөө танилцуулж байна.
"Дасан зохицохуйн зам: Малчин, мал амьтан, тал хээрийн нэг эрүүл мэнд" төсөл нь LVMH группийн LIFE 360 байгаль орчны бодлогын хүрээнд хэрэгжиж, тогтвортой түүхий эдийн нийлүүлэлт, экосистемийн хамгаалалд чиглэн, 2030 он гэхэд дэлхий даяар 5 сая га байгалийн амьдрах орчныг нөхөн сэргээх зорилтыг бодитоор хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм.
Уг төсөл нь Монголын ноолуурын хоршоод, малчин өрхүүд болон тал хээрийн экосистемийг дэмжих зорилготой бөгөөд Сүхбаатар аймгийн уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй газар нутгийн дасан зохицох чадавхийг бэхжүүлэхийн зэрэгцээ биологийн олон янз байдал болон ноос, ноолуурын экосистемийн тогтвортой байдлыг хамгаалахад чиглэх юм байна.
Уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн гамшигт үзэгдлийн давтамж өсөн нэмэгдэж буй нөлөөллийг харгалзан боловсруулсан энэхүү хөтөлбөр нь "Нэг эрүүл мэнд"-ийн цогц хандлагыг баримталж, хүн, мал, зэрлэг амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэндийг харилцан уялдаатай гэж үздэг.
Төсөл хэрэгжилтийн эхний жилдээ:
-Нэг эрүүл мэндийн үйл ажиллагаа,-Биологийн олон янз байдлыг хамгаалах мэдээллийн төв байгуулах,-Зудын нөлөөллийн үнэлгээ боловсруулах,-Баяндэлгэрийн улаан ямааны цөм сүргийг нөхөн сэргээх дэд хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлжээ.
Төслийн эхний жилд олон талын үйлчилгээ үзүүлэх Нэг эрүүл мэндийн сүлжээг аймгийн түвшинд байгуулсан байна. Үүний зэрэгцээ Нэг эрүүл мэндийн сургагч багш бэлдэх чиглэлээр 18 салбарын 30 гаруй мэргэжилтнийг хамруулсан олон улсын сургалт зохион байгуулж, 10 сар гаруй үргэлжилсэн сургалтын үр дүнд суралцагчдад Их Британийн Хааны мал эмнэлгийн коллеж болон Бельгийн Льежийн Их Сургуулийн хос сертификат гардуулжээ.
Мөн энэ онд Сүхбаатар суманд Нэг эрүүл мэндийн явуулын танхимыг туршилтаар ажиллуулж, гурван өдрийн хугацаанд 75 орчим малчин, иргэдэд үйлчилгээ үзүүлжээ.
Лоро Пиана ХХК 1924 онд Италийн Пьемонт мужийн Куарона хотод үүсгэн байгуулагдсан Лоро Пиана нь зургаан үе дамжин байгалийн хамгийн нарийн ширхэгт түүхий эдийг боловсруулж, чанар, ур хийцийн өндөр стандартыг хадгалсаар ирсэн. 2013 оноос хойш тус брэнд нь LVMH группийн бүрэлдэхүүнд багтан, үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Лоро Пиана компани 40 гаруй жилийн турш чанартай бэлдсэн Монголын нарийн ноолуурыг худалдан авч, Монголын ноолуурын салбарын хөгжлийг тогтвортой дэмжиж ирсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.